Эмийн гаж нөлөө гэж юу хэлэх вэ? Хэрхэн сэргийлэх вэ?
Аливаа өвчин эмгэгийг анагаах зорилгоор эмчилгээний тунгаар эмийг хэрэглэхэд өвчтөнд ашиг тустай, эмчилгээний үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ заримдаа сөрөг тааламжгүй, бүр хортой нөлөө үзүүлэх явдал ч байдаг. Үүнийг эмийн гаж нөлөө гэдэг. Эмчилгээнд хэрэглэж байгаа эмийн гаж нөлөөг харгалзан үзэхгүй байснаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол олон байдаг. Ер нь бараг эм бүхэн гаж нөлөөтэй байдаг бөгөөд энэ талаар тухайн эмийн “хэрэглэх заавар” дээр тодорхой бичсэн байдаг байна. Иймээс ямарч эмийн хэрэглэх зааврыг тун анхааралтай уншиж хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Тухайлбал: тухайн эмийн найрлага, фармакологийн үйлдэл, хэрэглэх заалт, үйлчлэх механизм, эрхтэн системд ямар үйлчилгээ үзүүлдэг хийгээд бусад эмтэй хамтруулан хэрэглэх тохиолдолд анхаарах асуудал гаж нөлөө , хэрэглэх арга тун хэмжээ , хориглох заалтууд ,хадгалах нөхцөл болон бусад анхаарах асуудлууд бүгд заагдсан байдаг. Ж-нь: Ходоодны хүчилд тэсвэртэй антибиотик эмийг хоол идэхээс 30 минутын өмнө эмийг уух хэрэгтэй. Учир нь таны уусан эм хоолтой холилдсоноос хоол хvнсийг задладаг физин хэмээх ферментийн нөлөөнд vйлчилгээ нь сулардаг. Иймээс таны биед vйлчилэх эмийн vйлчилгээ эрс багасдаг.
Эмийн гаж нөлөө нь тухайн хүний бие махбодын онцлог, мэдрэг байдлаас хамаардаг. Сүүлийн үед биологийн өндөр идэвхтэй эмт бодисын хэрэглээ өссөн, бие махбодид үзүүлэх гадаад хүчин зүйлсийн нөлөө ихэссэн, ард иргэдийн дунд өөрөө дур мэдэн эм хэрэглэх нь түгээмэл болсон, энэ нь ч эмийн хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл өгдөггүй зэргээс шалтгаалан эмийн гаж нөлөө өсөх хандлагатай байна. Гадаадын эрдэмтдийн судалгаагаар нийт эм хэрэглэгчдийн 18-20%-д нь ямар нэгэн гаж нөлөө илэрч байжээ.
Эмийн гаж нөлөө ямар хэлбэрээр илэрдэг вэ?
Эмийн хэрэглэхэд гарах гаж нөлөөний хэлбэр янз бүр байдаг. Тухайлбал: Хэрэглэж байгаа эмийн эмчилгээний үйлдлийг дагалдан илрэх гаж нөлөө: зарим эмийн бодис олон эрхтэн системд нэгэн зэрэг нөлөө үзүүлэх чадвартай байдаг. Тэдгээрийн зарим нь эмчилгээний ашигтай нөлөө байх боловч нөгөө нэг нь ашиггүй сөрөг нөлөө гэж болно. Ж=нь: ходоодны хүчил ихэдсэн үед атропин хэмээх бодис агуулсан эмийг хэрэглэхэд хүчлийн ялгаралтыг багасгах эмчилгээний үйлдэл үзүүлэх боловч шүлсний ялгаралт мөн нэгэн адил багассанаас ам хатах, хэл хуурайших гаж нөлөө илэрнэ.
Бие махбодын иммунобиологийн өөрчлөлтөөс хамааран илрэх гаж нөлөө: Антибиотикийг ууж хэрэглэхэд тэр нь өвчин үүсгэгч нянг устгахаас гадна хүний биед байдаг ашигтай бичил биетүүдийг нэгэн адил устгаснаас эмгэг төрөгч мөөгөнцөр үүсдэг. Харшил: Пеннициллин, прокайн, вакцин гэх мэт эмүүдийн гаж нөлөө харшил хэлбэрээр хүрэх нь олонтаа тохиолддог.
Донтол: Мансууруулах эмүүд зарим сэтгэц нөлөөт эмийг удаан хугацаагаар буюу дахин давтан хэрэглэснээс эмийн донтол үүсч тухайн эмийг хэрэглэсний дараа биед хуурамч тааламжтай мэдрэмж ирж, уг эмийг хэрэглэх тэсгэлгүй хүсэл төрнө.
Эмийн хорт нөлөө: эмийн бодисын нөлөөгөөр бие махбодь бүхэлдээ болон аль нэгэн эрхтэн сонгомлоор хордох явдал эм хэрэглээний практикт нэлээд элбэг тохиолддог. Жнь Парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элгийг гэмтээнэ.
Эмийн гаж нөлөөнөөс яаж сэргийлэх вэ?
- Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн хэрэглэхгүй байх
- Эмийг зөвхөн шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэх
- Олон эмийг нэг дох хавсран хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихэсдэг тул нэг дор олон эм хэрэглэхээс аль болох зайлсхийх
- Зөвхөн шаардлагатай цөөн эмийг хэрэглэх
- Эмийг хэрэглэхийн өмнө эмнэлэгийн мэргэжилтэн болон тухайн эмийг хэрэглэх заавраас илэрч болох гаж нөлөөний талаар тодорхой мэдээлэл авчны дараа хэрэглэх
- Эм хэрэглэх явцад ямар нэг таагүй нөлөө ажиглагдвал эмчид даруй мэдэгдэх
- Хэрэв ямар нэгэн эмийг хэрэглэхэд таны биед таагүй сөрөг нөлөө илэрвэл уг эмийг хэрэглэхээ болих, мөн давтан хэрэглэхээс зайлсхийх
Эмийн хордлого гэж юуг хэлэх вэ? Санаатай болон санамсаргүй байдлаар эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаанд эмгэг өөрчлөлт үүсч хордоно. Ийм тохиолдолд эмнэлэгийн тусламж яаралтай авахгүй бол амь насаа алдах аюултай. Эмийн хордлогыг цочмог ба архаг гэж ангилах ба “цочмог” хордлогын үед хорт нөлөөлөлд өртсөн бие махбодь, эрхтэн эмчлэгдэх буюу нөхөн сэргээгдэх магадлал багатай байдаг бол “архаг” хордлогын үед бие махбодь, эрхтэнд хуримтлагдсан хорт бодисын нөлөөг арилгахын тулд удаан хугацааны эмчилгээ, нөхөн сэргээх эмчлгээ шаарддаг. Эмэнд хордож эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсдийн дунд хийсэн судалгаанаас харахад дараахь бүлгийн эм зонхилох хувийг эзэлж байна. Үүнд:
- Нойрсуулах эм
- Уналт таталтын эм
- Антибиотик
- Сульфаниламид
“эмийн тунг тааруулвал эм, тунг хэтрүүлвэл хор болно” гэсэн эртний үг байдагчлан буруу хэрэглэвэл эм бүхэн хортой гэдгийг санаж тохирсон тунгаар зөв хэрэглэх шаардлагатай юм.
Хуурамч эм нь дараах шинж чанартай байдаг.
- нэр хаяг дээрээ заагдсан үйлчлэгч бодисыг агуулаагүй байх
- өөр үйлчлэгч бодис агуулсан
- үйлчлэгч бодисын тун хэмжээ бага байх
- цэвэршилтийн зэрэг нь өөр байх
- найрлага нь дутуу эсвэл тодорхой бус
- савлалт шошго нь хуурамч, үг үсэг алдаатай байх
Хуурамч эмийн доторхи агууламжийг зөвхөн нарийн шинжилгээ хийж тодорхойлох боломжтой байдаг учраас хуурамч эмийг танихад төвөгтөй байдаг. Гэхдээ тухайн эмийг хуурамч эсэхийг мэдэхийн тулд зөвхөн тэр үйлдвэрийн ижил нэртэй эмтэй харьцуулан зарим нэгэн шинж чанарыг үндэслэн тодорхойлох боломжтой. Хэрэв таны худалдан авсан эмний савлалт, баглаа боодлыг хуурамчаар дууриалган хийсэн, шошго дээрх бичиг нь гаргац муутай, зарим мэдээлэл нь орхигдсон, өнгө амт, хэлбэр нь өмнө нь хэрэглэж байсан ижил нэртэй эмнээс ялгаатай зааврын дагуу хэрэглээд байхад эмчилгээний үр дүн үзүүлэхгүй байвал хуурамч эм байж болох юм.
Хуурамч эм яагаад аюултай вэ?
- Хэрвээ та хуурамч эм хэрэглэсэн бол тухайн эмчилгээний үр дүнгээ хүртэж чадахгүй учираас өвчин эдгэхгүй, удааширна.
- Хуурамч антибиотик нь халдвар үүсгэгч нянгуудыг антибиотикь тэсвэртэй болгоод зогсохгүй энэ халдвар олон хүнийг хамрах хор уршигтай.
- Эдийн засгийн хувьд үргүй зардал гардаг.
Хуурамч эм авахаас хэрхэн зайлсхийх вэ?
- Эмийг зөвхөн эмийн сангаас худалдан авах
- Эм худалдан авахдаа савлалт, шошго, гадаад байдлаг шалгаж авах
- Таны өмнө нь хэрэглэж байсан эмтэй савлалт, өнгө, хэлбэр, хэмжээ нь ижил байгаа эсэхийг харьцуулж үзэх
- Эмийг хэрэглэсэн тохиолдолд эмчилгээний үр дүн муутай байх, хэрэглэх зааварт зааснаас өөр ямар нэг гаж нөлөө өгөх зэрэг шинж илэрвэл мэргэжлийн эмчид мэдэгдэж, эмийн сан болон эмнэлгүүдийн үүдний хэсэгт байрлах Эмийн гаж нөлөөг мэдээлэх шар хайрцагаар мэдээлж, ЭМБ-уудад болон мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх хэрэгтэй.
