Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн зан төлөв хурдацтайгаар өөрчлөгдөж байгаа билээ. Хэрэглэгчид тав тухтай, загвар дизайн сайтай, шинэлэг үйлчилгээний газруудаар орох сонирхол илүү өндөртэй болсон. Үүнээс гадна хэрэглэгчдэд үйлчилж буй хүмүүсийн харилцаа хандлага, үйлчилгээний соёл бас нэлээд чухал байр суурийг эзэлдэг болоод байна. Тиймээс бизнес эрхлэгч байгууллага, хувь хүмүүс үйлчилгээний газрын орчин нөхцөл болоод үйлчилгээний соёл хандлага дээр түлхүү анхаарах шаардлагатай цаг үе иржээ. Эдгээр нь хүнсний дэлгүүрээс эхлээд зочид буудал, эмийн сан, худалдааны төв гэх мэтчилэн бүхий л бизнесийн байгууллагуудад хамааралтай болоод байгаа юм. Сүүлийн үед Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагууд энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг болсон ажиглагдаж байна. Тухайлбал, “Монос” “Ази фарма” “Маго” зэрэг томоохон ханган нийлүүлэлттэй эмийн сангууд үйлчлүүлэгчдийнхээ тав тух, сэтгэл ханамжийг дээшлүүлэх үүднээс эмийн сангийнхаа заалтанхим, тавиур, тааз, шал, үйлчилгээ, албаны хувцсаа хүртэл сайжруулахад их анхаарах болсон. Ийнхүү эмийн сангийн бизнес эрхлэгчид эм бараандаа хөрөнгө оруулалт хийх биш, орчин нөхцөлөө сайжруулахад анхаараад байгаа нь ямар ач холбогдолтойг судалдаг маркетингийн мерчиндайзинг буюу Мерчбүүк гэсэн шинэ ойлголт онолын талаар та бүхэндээ мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Мерчбүүкийн талаар танилцуулга
Товчхондоо бол Мерчбүүк нь жижиглэнгийн худалдааны орон зайг ухаалгаар шийдсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах зорилгоор хэрэглэгчийн зан төлөвт тохирсон логиктой өрөлт, хаягжуулалт, мөн заалны гоёл чимэглэл, дуу хөгжим, үнэр зэргийг үр ашигтайгаар ашиглахыг тооцоолсон тухайн үйлчилгээний байгууллагын мерчиндайзингийн хураангуй дүрэм юм.
Эмийн сангийн бизнес эрхлэгчид Мерчбүүкийг хэрхэн ашигладаг вэ?
Эмийн сангийн бизнес эрхлэгч байгууллагууд үйл ажиллагаандаа Мерчбүүкийг дараах байдлаар ашигладаг.
Үүнд:
1. Эм барааны эргэцийн системыг тодорхойлох -Эмийн сангаас тогтмол зарагддаг болон хааяа зарагддаг бүтээгдэхүүнийг тодорхойлох.
2.Эмийн сангаар байнга үйлчлүүлэгчдийг тодорхойлох-Монгол улсын хувьд нийт үйлчлүүлэгчдийн 50 болон түүнээс дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гэвч энэхүү үзүүлэлт нь байршлын онцлогоос хамааран өөр байж болно.
3. Эмийн сангийн тоног төхөөрөмж, тавилга зэргийн байршил, өнгөний зохилдлогоо, агааржуулалтын систем, кассын төхөөрөмж зэргийг оновчтой байршуулах- Орчин үед эмийн сангийн интерьер дизайныг хэрэглэгчдэд сонирхолтой, шинэлэг байх үүднээс яаж ч тохижуулж болно. Тухайлбал, далайн эрэг эсвэл ойд байгаа мэт сэтгэгдлийг тэдэнд төрүүлэхүйц байдлаар дизайныг шийдэж болно.
4. Эмийн АТС ангиллаар хаягжуулалтыг өрөх- Хэрэглэгчид хайж буй зүйлээ хурдан олоход туслахуйц байхаас гадна бүтээгдэхүүний өрөлт, өнгө үзэмж зохимжтой, хаягжуулалт ойлгомжтой байх шаардлагатай.
5. Сурталчилгааны самбар, хаягжуулалтын байршлыг анхаарах – Сурталчилгааны самбар хэрэглэгч нарыг чиглүүлэх болон нэмэлт мэдээлэл олгох, үйлчилгээний ажилтан ачаалалтай үед туслах хэрэгсэл болдог. Тиймээс сурталчилгааны самбарыг зөв байршуулах нь хэрэглэгчийн сэтгэлзүйд нөлөөлөхөөс гадна үйлчилгээний заалыг өнгөлөг болгоход тустай.
6. Эмийн сангийн ерөнхий газарзүйн байршлын онцлогийг тодорхойлох- Эмийн сан зам дагуу байрлах эсвэл хороолол дунд байрлах гэх мэт байршлуудын давуу болон сул талыг тодорхойлох нь чухал.
7. Үйлчлүүлэгчдэд сэтгэгдэл төрүүлэхүйц байх- Үйлчлүүлэгчдэд туслах чиглэл өгөх хаягжилт болон тав тухтай байдлыг төрүүлэхүйц үнэр, хөгжим, агааржуулагч гэх мэт хэрэгслүүдийг эмийн санд зөв байршуулах хэрэгтэй.
8. Үйлчилгээний чанарт анхаарал хандуулах- Үйлчилгээний ажилтны харилцаа, хандлага болоод тэдний өмсөж буй дүрэмт хувцас ямар байх нь маш чухал. Түүнчлэн үйлчилгээний ажилтан бүр үйлчилгээний стандартыг чанд мөрдөж ажиллах нь үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд тустай.
Мерчбүүк нь ямар хэсгүүдээс бүрдэх вэ?
Мербүүк нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.
Үүнд:
- Ерөнхий дүрэм, журам, заавар
- Гадна байршлын төлөвлөлт
- Дотор байршлын төлөвлөлт
- Бүтээгдэхүүний бүсчилсэн дүрэм
- Борлуулалтын эргэц сайтай бүтээгдэхүүний байршлын цэгүүдийн гүйцэтгэл, шалгуур үзүүлэлт
- Үйл ажиллагаанд ашиглагдах бүхий л тоног төхөөрөмжийн жагсаалт
- Шалны бүсчлэл
- Тавиур дээрх барааны нөөц, дүүргэлт, өрөлтийн загвар
- Ажилчдад зориулсан бүтээгдэхүүний заавар чиглэл /сурталчилгааны самбар болон чиглэл өгөх дэлгэц байж болно/.
- АТС ангиллаар бүтээгдэхүүнийг бүлэглэх
- Эмийн сангийн хаягжилт /Гадна хаягжилт болон дотоод хаягжилтууд/
- Заалны гоёл чимэглэл /Заалны интерьер дизайн, дуу хөгжим, үнэр, /
Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн байгууллагууд болох E-mart, Сансар сүлжээ дэлгүүр, Кофе шопууд мерчбүүкийг үйл ажиллагаандаа анхдагч байдлаар ашиглаж байгааг энд дурдаж болно.
Мерчбүүкийг бий болгоход анхаарах зүйлс
Мерчбүүкийг нэг дор шууд стандартыг нь тогтоогоод дүрэмчилж болохгүй. Сайн мерчбүүкийг бий болгохын тулд сайн маркетингийн баг болон интерьер, дизайны багыг хослуулан хамтарсан судалгаа хийгээд, энэхүү судалгаан дээрээ хэдэн сар ажиллаж байж үр дүнд хүрдэг. Харин ингэж ажиллуулах боломжгүй бол та бага багаар өөрийн эмийн сангийн зохион байгуулалт, өрөлт, хаягжилтаа солих байдлаар мерчбүүкийг хийж болно. . Мерчбүүкийн бүтцийг үйл ажиллагаандаа тусгах замаар та өөрийн бизнестээ үргэлж шинэчлэлт хийхийг хичээж байгаарай.
